Б.Буянхишиг: Монгол Улс потенциалынхаа 90 хувийг ашиглахгүй байгаа

Онцлох

|

Post Image

Хөрөнгийн зах зээлийн потенциалын талаар Монголын Үнэт Цаас Арилжаа Эрхлэгчдийн Холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Буянхишигтэй ярилцлаа.

Хөрөнгөтөн форум: Өнөөдөр Хөрөнгө оруулалтын салбарт Биржийн бус зах зээл ямар байр суурь эзэлж байна вэ?

Б.Буянхишиг: Биржийн бус зах зээл гэдэг нэр томъёо бий болоод 2,3 жил болж байгаа ч энэ бол урьд нь байсан зах зээл. Зохицуулагч байгууллагууд болон мэргэжлийн байгууллагууд хамтран “Биржийн бус зах зээл” гэдэг нэршил өгч, зохицуулалтай, бүртгэлтэй болгосон гэсэн үг. Өөрөөр хэлбэл, Санхүүгийн зах зээл дээр Банк болон банк бус санхүүгийн байгууллага байдаг шиг хөрөнгийн бирж нь биржийн арилжаа болон биржийн бус арилжаа явуулж байсан. Одоо бол Санхүүгийн зохицуулах хороо болон Холбоо зохицуулдаг энэхүү биржээс гадуурх хөрөнгө оруулалт буюу биржийн бус зах зээл дээр 3 жил хүрэхгүй хугацаанд нийт 3 их наяд төгрөгийн бонд бүртгэгдсэн байна.Үүнээс 2 их наяд гаруй төгрөгийг бизнес салбарт оруулсан. Биржийн бус зах зээлийг мэргэжлийн хөрөнгө оруулагчид сонгож, хөрөнгө оруулалт хийдэг.

Хөрөнгөтөн форум: Биржийн бус зах зээлийг ямар хөрөнгө оруулагчид, байгууллагууд сонгодог вэ?

Б.Буянхишиг: Биржийн бус зах зээлийг эрсдэл даахуйц, арилжааны туршлагатай иргэд болон банкууд, сангууд, брокер дилерийн компаниуд сонгодог. Эдгээрийг бид Мэргэжлийн хөрөнгө оруулагчид гэж тодорхойлдог. Хөрөнгийн зах зээлийг сайн ойлгодог санхүүгийн байгууллагууд илүү сайн ашиглаж чадаж байгаа. Хөрөнгийн биржийн 2 жилийн дүгнэвэл 2 компаниас бусад нь банкууд болон санхүүгийн байгууллагууд хөрөнгө босгосон байна. Харин биржийн бус зах зээлийн 60 хувийг санхүүгийн байгууллагууд бүрдүүлж байна. Одоо стратегийн түвшинд, бодит үйлдвэрлэгчид, барилга, уул уурхай, эрчим хүч, дэд бүтэц, экспортыг дэмжсэн, ногоон санхүүжилтийг дэмжсэн төслүүд энэ зах зээл дээр орж ирж эхэллээ.

Хөрөнгөтөн форум: Монгол улсын дотоодын хөрөнгө оруулалтын зах зээлийн потенциал ямар байгаа вэ?

Б.Буянхишиг: Биржийн ч, биржийн бус зах зээл дээр ч өнөөдөр том банкууд маш өндөр дүнгээр орж ирсэн. Банкуудын хувьд хөрөнгө босгохоосоо өмнө энэ хэмжээний хөрөнгө оруулалтуудыг дотоодын зах зээл дээр босгож чадах уу гэдэг айдас байсныг нуухгүй. Чадна гэдгийг өнгөрсөн гурван жил явагдсан банкнуудын реформоор хөрөнгийн зах зээл дээр 600, 700 тэрбум төгрөг босгож байгаагийн ихэнхийг дотоодын хөрөнгө оруулагчид бүрдүүлсэн. Өөрөөр хэлбэл, 5 банкны 10 хувийг дотоодын хөрөнгө оруулагчид өөрсдөө худалдаад авлаа. Тэгэхээр Монгол улс мега төслүүдээ эхлүүлэх хэмжээний хөрөнгө оруулалтыг дотоодоосоо босгох бүрэн потенциалтай. Хоёрдугаарт, үйлдвэрлэл, барилга, тээвэр, уул уурхай зэрэг өндөр зардалтайгаар баялаг бүтээж байгаа салбаруудад хөрөнгө оруулах нь санхүүгийн секторт хөрөнгө оруулахаас зарим талаараа өгөөж нь бага байдаг. Биржийн бус зах зээлийн хувьд бол өгөөж нь эрсдэлээ дагаад Банкны салбар болон хөрөнгийн биржээс өндөр шүү дээ. Гэхдээ хөрөнгө оруулагчид хөрөнгө оруулах төслөө сонгохдоо эх оронч үзлээр урт хугацаанд улс орны хөгжилд нөлөөтэй төслүүдийг дэмжихийн тулд өгөөжийн бага зэргийн зөрүүг тэвчиж чаддаг болж байна. Эдгээр төслүүд санхүүгийн салбарын төслүүдийг бодвол өндөр дүнтэй буюу 40, 50 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт яригддаг. Монголчууд ийм хөрөнгө оруулалт өөрсдөө хийж чадаж байна. Дотоодын банкуудад хадгалагдаж байгаа нийт хадгаламжийн дүн болон бизнесийн салбарт олгосон зээлийн дүн 20 их наядыг давна. Энэ бол бидний өнөөдрийг хүртэл бүтээсэн хуримтлал. Гэтэл биржийн болон биржийн бус зах зээл нийлээд жилдээ энэ хуримтлалын дүнгийн 10 хувьд ч хүрэхгүй хэмжээний хөрөнгө оруулалт босгож байна. Засаглал сайтай, Америк зэрэг улс орнуудад хөрөнгө оруулалтын зах зээлийн 50-70 хувийг хөрөнгийн бирж нь, үлдсэн хувийг банкууд нь бүрдүүлдэг. Тэгэхээр манайд дотоодын хөрөнгө оруулалтын асар том потенциал байна.