Ч.Хашчулуун: Монголын нөөц дуусахгүй. Үүнийг Монгол залуус удирдах ёстой

Ярилцлага

|

Post Image

Эдийн засгийн судалгааны багийг ахлан, Монгол улсын макро эдийн засгийн төлөв байдлын шинжилгээг гурван сарын хугацаанд хийн “Хөрөнгөтөн” өндөр дүнгээр хөрөнгө оруулагчдын хаалттай форум дээр танилцуулах Эдийн засгийн ухааны доктор Ч.Хашчулуунтай ярилцлаа.

Хөрөнгөтөн форум: - Монгол улсын эдийн засгийн төлөв ямар байгаа вэ?

Доктор Ч.Хашчулуун: Монгол улсын эдийн засгийн төлөв сайн харагдаж байна. Эдийн засгийн тусгаар тогтносон байдал өмнөх 10 жилтэй харьцуулахад үнэмлэхүй сайжирсан. Валютын нөөц 5 тэрбум ам.доллар боллоо. 2023 онд эдийн засгийн өсөлт 7 хувьд хүрлээ. Экспорт түүхэндээ байгаагүй хэмжээнд хүрлээ. Төсвийн орлого ч өндөр түвшинд байна. Уул уурхайн салбар улам хүчээ авч байна. Цаашид ч дэлхийн уул уурхайн түүхий эдийн эрэлт нэмэгдсээр байх болно. Манай улсын уул уурхайн баялгийн нөөц 800 жилийн дараа ч дуусахгүй. Төмөр замтай болсноор тээврийн зардал ч буурч, манай өрсөлдөх чадвар эрс сайжирч байна. Энэ боломжийг ашиглан бид боловсруулах үйлдвэр, өндөр технологийн салбаруудыг хөгжүүлж, нөгөө талаас дэд бүтцээ сайжруулах, ногоон эдийн засгийг хөгжүүлэх, бүс нутгийг хөгжүүлэх боломж гарч байгаа.

Хөрөнгөтөн форум: - Монгол улс эдийн засгийн ямар стратеги баримталдаг вэ?

Доктор Ч.Хашчулуун: 2008 оноос хойш Монгол улсын эдийн засаг дөрөв дахин тэлжээ. Дэлхий даяар 2007 оноос хямарсан, дотооддоо барилга, бүтээн байгуулалт зогссон, зам, дэд бүтэц муудсан, томоохон уурхайнууд ч хөдлөөгүй байсан тухайн цаг үед Монгол улс чөлөөт эдийн засагтай ардчилсан улс болсноос хойш “Үндэсний хөгжлийн цогц бодлого” хэмээх анхны өөрийн стратегийн бичиг баримттай болсон. Одоо хүртэл залгамжлан хэрэгжиж буй энэхүү бодлогын хүрээнд, эдийн засгийн хараат бус байдлыг бэхжүүлэхийн тулд стратегийн ордуудаа аль нэг орны төрийн компаниудад эзэмшүүлж биш, гадны гуравдагч орны төрийн оролцоогүй, нээлттэй компаниудаас хөрөнгө оруулалт татах замаар, Монголын үндэсний компаниуд нь ашиглана гэж хатуу заасан. Өнөөдөр Монгол улсын төсөв 29 их наяд төгрөгийн орлоготой боллоо, стратегийн уурхайнуудыг ашиглалтад оруулж эхэлсэн. Үүний ачаар төмөр зам, Бөөрөлжүүтийн цахилгаан станц зэрэг стратегийн шинжтэй төслүүдийг хөдөлгөж эхэлсэн. Мөн хүнс, эрчим хүч, шатахууны хэрэглээгээ 100 хувь өөрсдөө хангадаг болох зам руугаа явж, цахилгаан станц, үйлдвэрүүдийг байгуулж байна.

Хөрөнгөтөн форум: - Монгол улсад тулгарч буй дараагийн сорилт юу вэ?

Доктор Ч.Хашчулуун: Ирээдүйн, дараагийн сорилт бол дэлхийн зах зээлд гарах ажил юм. Бид Чингисийн үеийн Монголтой адил хүн ам цөөн. Дэлхийн зах зээл асар том байна. Бидэнд байгаа боломж, нөөцөө харгалзан үзэхээр Санхүү, технологи хоёрыг холбосон бизнес л дэлхий рүү нэвтрэх потенциалтай байна. Бусад том салбарууд бол одоохондоо бидэнд хаалттай байгаа шүү дээ. Төв ази тэр дундаа Киргизстан, Узбекстан, Өмнөд азийн зарим улс орон, Япон болон ОХУ дараагийн том зах зээлүүд гэж харагдаж байгаа. Чингис хаан дэлхийг байлдан дагуулахдаа гадны шаардлагатай бүхий л хүний нөөцийг ашигладаг стратегитай байсан. Дэлхийн зах зээл дээр гарахад хүн хүч дутмаг учир бид гадаадад байгаа Монголчууд, Монгол туургатнуудынхаа хүчийг авах хэрэгтэй. Хоёрдугаарт, гадаадын мэргэжилтнүүдийг ажилд авах, оршин суух систем бий болгох хэрэгтэй байна. Эцсийн дүндээ Монгол Улс л хожно. Хамгийн гол нь ингэхээр бид олон улсын төслийн багуудыг удирдаж ажиллах хэмжээний боловсон хүчнээ бэлдэх хэрэгтэй байна. Одоогийн байдлаар олон монголчууд дэлхийн зах зээлд гарч ажиллаж байна, туршлагатай болж байна. Тэгвэл энэхүү нөөц боломжийг ашиглан дэлхийн зах зээл рүү гарах ажиллагааг илүү анхаарах нь зөв байх. Монголын компаниуд зөвхөн дотоодод бус, дэлхийд хөрөнгө оруулалт хийж сурах шаардлагатай болж байна.

Хар хайрцгийн бодлого* Үндэсний аюулгүй байдалтай холбоотой нийгэм, эдийн засаг, гадаад харилцааны залгамж шинжтэй нууц бодлого, стратеги.

Хөрөнгөтөн* Ажлын байрыг нэмэгдүүлж, эдийн засгийг өсгөх потенциалтай, өндөр өгөөжтэй, инновац суурьтай төслүүдэд хөрөнгө оруулах замаар нийгмийн баялгийн хуваарилалтыг удирдах хүчтэй хүн болон бүлэг хүмүүс.

Төсөл* Хөрөнгийн зах зээл дээр бонд эсвэл хувьцаа гаргаж буй эдийн засагт үлэмж нөлөөтэй уул уурхай, санхүү, технологийн секторын төслүүд.

Эрдэмтэн* Эдийн засаг, математик болон хиймэл оюун ухааны чиглэлээр судалгаа, шинжилгээний ажил хийж буй салбартаа тэргүүлэгч багш, судлаачид, профессорууд.

#Хөрөнгөтөн_2024

#2025_оны_боломжийг_бүү_алд